9:01 PM
0
Сүүлийн үед Хятадууд Өвөрмонголчуудыг хяхан хавчих нь ихэссэн бололтой. Учир нь Өвөрмонголын 52 иргэнийг интернетээр худал мэдээлэл тараасан, үндэстнийг сөргөлдүүлэхийг санаархсан хэмээн баривчилсан талаар бид өчигдөр мэдээлж байсан. 

Мөн Өвөрмонголын Туг сумын Далан цэцэг тосгоны иргэн 58 настай Баянбаатарыг Хятадын төмөр замын ажилчид зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг ч өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Энэ талаар гэрч болж чадахуйц олон хүмүүс харсан байна. Тухайлбал, Өвөрмонголын иргэн Чандмань хэмээх бүсгүй уг мэдээлийн дагуу олон нийтэд мэдээлэл өгсөн байна. 

Хятадын төмөр замын ажилчид малын бэлчээр дайруулан төмөр зам барих ажлаа эхлэх гэсэн ч малчдын эсэргүүцэлтэй тулгарсан байна. Тиймээс тэд мод, чулуугаар Баянбаатарыг цохиж амь насыг нь бүрэлгэсэн байна. 

Хэргийн газар дээр Хятадын цагдаа нар ирсэн ч нөхцөл байдлыг намжаагаад Баянбаатарын аминд хүрсэн хятад ажилчдыг баривчлалгүй явуулжээ. Харин хохирогчийн гэр бүлийнхэн үүнд ихэд бухимдаж, Баянбаатарын амь насыг хохироосон этгээд хариуцлага тооцох ёстой гэж цагдаад хандсан байна. 

Уг хэргийг харсан олон гэрч байгаагийн дээр хятад төмөр замчид Баянбаатарыг зодож буй зураг ч интернет сүлжээгээр олон нийтэд тараад байгаа гэнэ. Харин Нью-Иорк хотод төвтэй Өмнөд монголчуудын хүний эрхийн мэдээллийн төв (SMHRIC)-ийн мэдээлснээр Баянбаатарын аминд хүрсэн төмөр замчныг цагдаагийнхан байцаагаагүй бөгөөд, Хятадын Засгийн газар хохирогчийн гэр бүлийнхэнтэй тохиролцохыг хүссэн байна. 

Тэдэнд 500 мянган юань буюу ойролцоогоор 82 мянган доллар өгөөд хэргийг хэрэгсэхгүй болгох санал тавьжээ. Хохирогчийн гэр бүлийнхэн, хамаатан садан нийлсэн 80 гаруй хүн оршуулах ёслолд оролцох үеэр цагдаагийнхан ирж, тэднийг хатуу хараа хяналтанд байлгажээ. 
  
Энэ хэргийн талаар Өвөр Монгол болон Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтлэх боломжгүй байгаа тул SMHRIC-ийн төлөөлөгч хохирогчийн бэр Чандмань гэх эмэгтэйтэй утсаар ярилцсан байна. 

Түүнээс зодоон яагаад үүсэх болсон шалтгааныг асуухад “Бид бэлчээр газраа хамгаална гэж эсэргүүцэхэд хятадууд бүгдээрээ уурлаж, бид нар руу дайрч, давшилцгаасан. Аавын аминд хүрсэн хүн бусдыгаа машинаас хутга авчрахыг шаардаад “Би бүх монголчуудыг нэг нэгээр нь алах болно” гэж хашгирч байсан” гэж ярьсан байна. 

Н.Гэгээ
 

0 comments:

Post a Comment