7:37 AM
0
“Mөнхийн залуу” тодотголт топ модель Эрээхүүгийн Одгэрэл. Олон жил загварын тайзнаа өөрийн гоо сайхныг гайхуулж, гайхагдаж яваа түүний хувийн амьдрал руу фото зургаар нь багахан ч гэсэн нэвтрэх боломжийг уншигч та бүхэндээ олгож байна. Бага нас, анхны хайр, загварын тайзнаа гарахын өмнөх амьдрал, ажил, нөхөр, хүүхэд... За ингээд хувийн зургийн цомгийг нь дэлгэцгээе. 

Даваа-Баасан: 1985 оны зураг 18 настайдаа. Эрээхүүгийх долоон хүүхэдтэй. Хамгийн бага нь Одгэрэл. Түүнийг 2 настай байхад аав нь өнгөрсөн ч олон ах, эгчийн хайр энхрийлэлд өссөн гэдэг. Гэхдээ Даваагаас Баасан гариг хүртэл цэцэрлэгт өнждөг байжээ. 24-р цэцэрлэгт явдаг байсны учир нь түүний ээжид долоон хүүхдээ хүний гар харуулалгүй өсгөнө гэдэг хэцүү байсан нь ойлгомжтой. 
Муу сурлагатан: 1985 он “Шилмэл загварын ордон”. Тэрээр бага ангид байхдаа цүнхээ орцныхоо хаалганы ард тавьчихаад тоглох эсвэл бүжгийн дугуйланд явчихдаг байсан. Мөн хичээлдээ суух тун дургүй байсан бөгөөд заримдаа ангийнхаа хүүхдүүдийг уруу татаж таслаад, багшаасаа банга хүртэж байснаа одоо хүртэл сайн санадаг.

Дуучин: Том алаг нүдтэй, хөөрхөн инээдэг Одгэрэл 1986 онд ийм нэг зураг татуулж байжээ. Дунд ангид ороод сурлагдаа нилээдгүй сайжирч, олон нийтийн ажилд идэвхитэй оролцож, ангийн ариун цэврийн аварга болж тэр ч бүү хэл “Найрамдал” гэдэг хамтлагт дуулдаг байсан.

Анхны захиа: Түүнд анхны захиа их эрт буюу 3-р ангид ирж байжээ. “Ээ дээ энэ одооний хүүхдүүд үү” гээд байдаг аав, ээжийн үед ч захиа ирдэг л байсан байх нь. 5б-ийн нэгэн шар хөвгүүн парампушкин цаасан дээр “хоёулаа үерхэе” гэсэн захиаг анх өгч байжээ. 10 дугаар анги хүртлээ утсаар ярьдаг байсан боловч үерхдэгчгүй, уулздагчгүй. Харин таарахаараа “шар муур шартай даа шарсан маханд дуртай дай” гэж шоолоод зугтаачихдаг байсан гэнэ.
Угаагч, бичээч Э.Одгэрэл: Дунд сургуулиа төгсөөд “Халдвар судлал”-д угаагч хийдэг байхад нь Н.Соёлмаа хатагтай, одоогийн “Донж” төвийн Б.Төгөлдөрийн ах, талийгаач Б.Түвшин хоёр түүнийг “олж ирсэн” байна. Дараагаар нь “Шилмэл загварын ордон”-д бичээчээр ажиллаж эхэлжээ. Тэр үед буюу 1988 онд анхны “Гоёл” наадам болсон. Энэ наадам загвар зохион бүтээгчдийн гэхээсээ илүү загвар өмсөгчдийн дундах өрсөлдөөн болсон гэхэд болно. Харин түүний гуравдугаар байрын тавцанд угаагч байсан бичээч Э.Одгэрэл зогсож байлаа.

“Мөнгөн эрдэнэ”: “Гоёл” наадамд гуравдугаар байранд орсных нь төлөө түүнд 1989 оны туршид “Залуучуудын соёлын төв”-өөс зохиогдох бүх арга хэмжээнд үнэгүй орох эрхийн бичиг өгч байжээ. Дараа жил нь буюу 1990 онд “Монголын сайхан бүсгүй” буюу анхны “Монголын мисс” улсын уралдааныг зохион байгуулахад тэрээр тэргүүн байрыг Н.Мөнхцэцэгт алдан, “Мөнгөн эрдэнэ” шагналын эзэн болжээ. Түүнийг “вьетнам” гэж хочилдог байсан бөгөөд “Чамайг Вьетнамын дайны үеэр олж авсан юм” гэж кино үйлдвэрийн ажилчид цаашлуулдаг байсан тухай Э.Одгэрэл хэвлэлд ярьсан байдаг.

Хамгийн “үнэтэй” нь:  Түүнийг өөрийн компани, бүтээгдэхүүнийхээ “нүүр царай” болгохын тулд “алалцдаг” гэж хэлж болно. Үнийгээ дагаад ч хамгийн “үнэтэй” моделиудын тэргүүнд бичигддэг. “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ба “Орчин цагийн Тоо Хуар” хэмээн хоёр туйлд нь гартал түүнийг цоллодог ч өөрөө “Надад бусдаас илүү гараад байх юм байхгүй. Энэ бол миний мэргэжлийн шаардлага” гэдэг юм.


“Гоёо”-гийн “про”: Э.Одгэрэл өөрийнх нь хэлснээр 1986 оноос 25 жил загвар өмсөж байна. Г.Хайдав гуай тайзнаас буухгүй, тэр бүү хэл дурлалт хар хүүгийн дүр бүтээгээд байгаатай харьцуулахад өдгөө 44 нас хүрч байгаа модельд энэ нь “пүй пай” гээд байх нас биш бололтой. Тэр тусмаа түүн шиг гоо сайхандаа анхаардаг бас дижитал фото зургийн манай эринд ноолуурын брэндийн дүр төрх байна гэдэг боломжтойгоос илүү зүйл.
Одгэрэлд биш хувцсандаа анхаар: Тэрээр “тайзан дээр зөвхөн Одгэрэл загвар өмсч байгаа мэт боловч, загвар өмсөгч хүн хувцсандаа зориулж өөрийгөө өөрчлөх ёстой гэж ойлгодог. Хичнээн баяр, гунигтай байсан ч хувцсандаа л анхаарлаа хандуулна. Тэгээд ч миний өмссөн хувцаснууд загвар зхион бүтээгчдийн санаагаар эрхэмсэг дэгжин загварууд байдаг”.
“Гоёл”-оос төрсөн топууд: Энэ бүсгүйчүүд бол “Гоёл” наадмаас төрсөн топууд. Нэгэн үед Монголын урдаа барьдаг байсан, байгаа бүсгүйчүүдийг танихгүй, мэдэхгүй монгол хүн бараг байхгүй биз ээ. Э.Одгэрэл, Д.Болормаа, Д.Цолмон, Ч.Туяацэцэг, Х.Ундраа.
10 жилийн турш: Тэрээр сэтгэл судлаач С.Энхболдтой гэр бүл болж 10 жил ханилжээ. Энэ хугацаанд охинтой болж ээж, аав болцгоосон. Гэвч өөрөөс нь нилээд олон ах нөхөр нь түүнийг загварын ертөнцөөс өөр сонголт хийхийг нэг бус удаа сануулсан нь эцэстээ салах шалтгаан болсон гэгддэг. Энэ талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ч удаан шуугисан. Ер нь Э.Одгэрэлийн тухай мэдээлэл голцуу эх үүсвэр тодорхой бус, ихэвчлэн одоо цаг дээр, сураг ажиг, цуу ярианд тулгуурласан байх нь олонтаа байдаг нь түүнийг тойрсон анхаарлыг улам бүр домгийн шинжтэй болгодог мэт.
Охин: Түүний охин нь 1992 онд төрсөн. Нөхөр нь салсныхаа дараа охиноо өөр дээрээ авсан ч 10 нас хүрээд ээж дээрээ ирсэн. Охинтойгоо олдсон боломж болгоноо хамт өнгөрөөхийг хичээдэг. Одоо хилийн чанадад сурдаг.
Тайзнаас “ТВ”-рүү: Топ маань сүүлийн үед загварийн тайзан дээр гэхээсээ илүү телевизийн кино, сериал, шоу нэвтрүүлгээр их харагдах болсон. “Авъяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажилласан нь түүнийг ямар зантай, ямар үзэл бодол, яриатай хүн бэ гэдгийг бага ч атугай таниулсан. “Никитон”-н Бачкагийн “Аргагүй сайхан Бурмаа, “Татар ажиллагаа” уран сайхны кино, хамгийн сүүлд “Гэр” телевизийн олон ангит кинонд дүрээ мөнхлөөд авсан нэгэн. 
“Мөнхийн залуу”: “Шилмэл загвар” компанийн агентлагаас загварын ертөнцөд хөл тавьсан “Мөнхийн залуу” топ модель Э.Одгэрэл одоо ч тайзнаасаа “буугаагүй” байгаа.

0 comments:

Post a Comment