9:55 PM
0

Интернет ертөнцөөр аялж явахад зарим гаднынхан манай Монголыг биднээс ч илүүтэйгээр олон нийтэд сурталчилж байгаа зүйлс мэр сэр тааралдах юм. Эдгээрийн нэг нь Монгол Банхарт зориулсан форум хуудас байв. Энд манай Банхарын талаар маш баялаг материалууд, элдэв зураг сэлттэйгээ дүүрэн харагдана. Мөн хэзээ нэгэн цагт манай оронд ажиллаж амьдарч байсан олон хүмүүс дурсамж сэтгэгдлээ үлдээжээ. Тэдний сэтгэл зүрхэнд Монгол орон маань уяатай байдаг аж.
Ингээд нэгэн бүсгүйн дурсамжийг толилуулья:  Намайг Юлия гэдэг. Би 1979 онд Красноярскийн хязгаарын Ачинск хотод төрсөн бөгөөд аав маань цэргийн хүн байсан учраас олон газар нүүж, шилжин хүүхэд нас маань өнгөрсөн билээ. 1985 онд биднийг Монгол руу илгээн, манайх Налайхын цэргийн хотхонд суурьшив.
Миний хүүхэд нас Монголтой салшгүй холбоотой бөгөөд би нилээн сахилгагүй маягийн охин байсан тул намайг “юбкатай бацаан” хэмээн хочилдог байсан юм. Би баахан ноходтой хамт толгод руу яван тоглож зугаацдаг байв. Цас шиг цагаан өнгийн үстэй бяцхан охин баахан нохдоор хүрээлүүлчихсэн явж байгаа нь хүмүүст их эвгүй харагддаг байсан байх. Янз бүрийн төрхтэй олон нохойтой “найзалдаг” байсан хэдий ч миний сэтгэлд хоёр нь огт мартагддаггүй юм. Эд бол Тарзан, Панэк хоёр билээ.
Тарзан бүр том болсон хойноо цэргийн ангид ирсэн ба монголчууд түүнийг хэн гэж нэрлэдэг байсныг би сайн мэддэггүй юм. Энэ нохой харахад нэг л сүрдмээр, ихэмсэг байдалтай бөгөөд намайг сургууль руу үдчихээд ирэхийг хүлээж байхдаа хэдэн цагаар ч хамаагүй, алсыг ширтэн суудаг байсныг тодхон санаж байна.
Монголчууд түүнээс нэг л жийрхэн, холуур тойрдог байлаа. Тэр барагтай бол хуцахгүй. Нэг өдөр түүн рүү европ овчарк нохой дайрахыг оролдсон юм. Тэрхүү овчарк чангаар хуцан түүн рүү давхихад Тарзан харин ган хийх ч дуу гаргалгүйгээр сүртэй босон зогсож, овчаркийг ойртохыг хүлээлээ. Тэрээр хэдий хөгшин ч гэсэн бүх биеэ чангалан, дээд уруул нь ялимгүй чичирхийлэн, нүдний харц нь үнэн сүрлэг байв! Овчарк хар эрчээрээ шуугиж ирснээ, хоромхон зуур зогтусан, тэгснээ буцаад л сүүлээ хавчин зугатав – хулчгар амьтан!    
Аав маань энэ бүхнийг харж байснаа, баахан инээж: “Чи түүнийг хааш нь хөөчихвөө?” хэмээн Тарзанаас асуун баясаж байлаа.  Дараахан нь, Тарзан маань цэргийн ангид анх ирсэн шигээ чив чимээгүй алга болчихов. Би түүнийг хайхыг оролдсон боловч ямар ч үр дүн гарсангүй. Аав маань: “Түүний талийгаач болох цаг нь ирээд, алга болсон байх” хэмээн өгүүлсэн билээ.
Панэк бол нисэх буудлын Надька жингэр, Тарзан хоёрын дундаас гарсан гөлөг юм. Надька дүн өвлөөр төрсөн ба гурван гөлөгнөөс нь ганц л хөлдөж үхэлгүй амьд үлдсэн билээ. Аав маань тэр гөлгийг өөрийн найз Бангажилынд аваачиж өгсөн бөгөөд сүүлд Бангажил цэргийн анги дээр ирэхдээ Панэктай хамт ирсэн юм. Ингээд Бангажил яван, Панэк надтай хамт үлдэн, миний хамгийн сайн найз маань боллоо! Тэр үед Панэк хоёр настай байсан ба түүнийг гэртээ байлгахад эхлээд ээж маань их дургүй байсан юм. Харин нэг тохиолдлоос хойш энэхүү хандлагаа өөрчилсөн билээ.
Нэгэн орой ээж бид хоёр хоёулхнаа, Панэктэй хамт байж байтал Бангажилын туслах монгол залуу шал согтуу манайд ирлээ. Тэрээр үүд онгойлгон орж ирсэн ба Панэк эхлээд түүнийг анзаарахгүй мэт байснаа өрөөнд орохоор наашлангуут нь аажмаар босон түүн рүү дөхөж очлоо. Нөгөө монгол залуу түүнийг харангуутаа архи нь бараг гарах шиг болж, ум хумгүй гарч зугатав.
Панэк миний өрөөнд унтдаг байсан бөгөөд оройхон унтлагын цаг болонгуут “Унтах боллоо!” гэж буй мэт хоншоороороо нүүрийг маань дэр рүү ойртуулан, эсвэл гарыг маань савартаа атган, ор руу чангаадаг байв. Мөн намайг сургуульд маань хүргэн, бас тосож авдаг байлаа. Энэ үед хөндлөнгөөс харж буй хүмүүст их хачирхалтай байсан байх, бяцхан охин мангар том нохойтой хөтлөлцчихсөн...
Миний амьдралын олон түүх түүнтэй холбоотой ба хамгийн аймшигтай нь түүнийг Монголд орхиод явсан үе билээ. Энд тавигдсан шар нохойн зураг бол миний Панэкийн зураг юм шүү. Энэ зураг намайг энд дурсамжаа бичихэд хүргэсэн юм.
Тус форум хуудсанд байгаа Монгол Банхарын зарим зургуудыг сонирхуулья.









Налайхын гарнизоны дурсамж бичлэг энэхүү хуудсанд тавигдсан байв.

0 comments:

Post a Comment