7:51 AM
3


Гуравхан настай бяцхан охин эмч, сувилагчдын хариуцлагагүй үйлдлээс болж  амиа алдлаа гэх мэдээлэл өнгөрсөн хоёр өдрийн турш цахим хуудсаар тараагдлаа. Түүний ээж П.Ариунаа болсон явлын талаар захидал бичин Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хаягласан байсан юм. Тиймээс бид эл хэргийн араас өчигдөр нэхэн сурвалжиллаа.
Талийгаач охиных Дамбадаржаад байдаг бөгөөд биднийг очиход гэрт нь хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Бид талийгаач охины ээжийн захидлын дагуу явж байгаагаа учирлахад тэд зөвшөөрч ярилцлага өгсөн юм. Талийгаач айлын бага охин бөгөөд дээрээ нэг эгчтэй аж. Ингээд талийгаачийн ээж П.Ариунаагаас болсон явдлыг талаар тодрууллаа.
-Таны сэтгэлийг эмзэглүүлж байгаад уучлаарай. Таны бичсэн захидлаас харахад эмч, сувилагчдын хариуцлагагүй байдлаас болж охиноо алдсан гэж байсан. Тухайн үед яг юу болсон юм?
-Би дөрвөн насны зөрүүтэй хоёр сайхан охинтой байсан. Гэтэл өнөөдөр нэгийг нь алдчихлаа. Миний охин хүн бүхний хайрыг татсан, цовоо сэргэлэн, их ухаантай охин байсан. Бяцхан охиноо нүд ирмэхийн зуур ийм харамсалтайгаар алдна чинээ үнэхээр санаагүй явлаа. Өнгөрсөн есдүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагийн үед би охиноо Өрхийн эмчдээ үзүүлэхэд Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хэвт гэсэн бичиг хийж өгсөн юм. Ингээд эмнэлэгт иртэл Б.Соёл-Ундрах эмч манай охиныг үзээд хордлого авсан байна гэж оношлоод Хүүхдийн тасагт хэвтүүлсэн. Шөнийн 02.00 цагаас хойш охины минь бие илт муудаж, хүчтэй базлалт өгч эхэлсэн. Энэ үед нь ээлжтэй хонож байсан хоёр сувилагчийг дуудаад “Охиныг минь үзээд өгөөч. Маш их өвдөлт өгөөд байна. Ядаж өвчин намдаах тариа хийгээд өгөөч” гэхэд “Бид дураараа эм, тариа хийж болохгүй, эмчийн зааврын дагуу л хийнэ. Өглөө 08.20 цагаас ээлж солигддог учраас тэр хүртэл тэсэхээс өөр арга байхүй” хэмээгээд нойроо харамлан буруу тийш хараад суусан. Тэд миний охиныг үл ойшоож байсан. Би тэр эмнэлгийн эмч, сувилагч нарт маш их гомдолтой байна. Болдог бол би охиныхоо амийг амиар нь төлж авмаар байна. /уйлав/ Тэд өнөөдөр хэдийгээр өөрсдийнхөө бурууг ухамсарлаад надад нэг ч үг хэлж чадахгүй байгаа хэдий ч миний охины амийг төлж өгч чадахгүй шүү дээ. Би үнэхээр гомдолтой байна. Бусад аав, ээжүүд над шиг битгий ингэж зовоосой гэдэг үүднээс би өөрт тохиолдсон энэ харамсалтай явдлаа олон нийтэд мэдээлж, Эрүүл мэндийн сайд Н.Удвалд захидал илгээсэн юм. Би бусдын мууг үзэх гээгүй. Тэр эмч, сувилагч нар охинд минь шаардлагатай бүх эмчилгээг цаг алдалгүй үзүүлсээр байтал өнөөдөр ийм зүйл болсон бол бид гомдол нэхэхгүй байх байсан.

-Анх эмнэлэгт хэвтэхэд нь ээлжийн эмч өвчний түүх нээсэн үү. Тухайн үед ямар эмчилгээ хийсэн бэ?
-Дөнгөж тасаг руу ороход гэдэсний суулгац эхэлж байгаа хүүхдэд хийдэг гээд “Рингир” гэдэг дуслыг охинд минь хийсэн. Тэгээд “линекс” гэсэн гурван ширхэг эм өгсөн. Тэр эмийг дусал дууссаны дараа нэгийг өгөөд шөнө нэгийг өглөө нэгийг өгөөрэй гэсэн. Ингээд дуслын дараа тэр эмийг охиндоо өгсөн ч огиулаад гаргачихсан. Тэгээд эмчийн хэлсэнчлэн шөнө 01.00 цагийн үед охиндоо тэр эмийг дахиад өгөхөд эргэж гаргалгүй уусан. Гэтэл удалгүй гэдэс нь хүчтэй базалж, зовиурлаж эхэлсэн. Би тэр их базлалт, өвдөлтийг тэсч ядан байгаа охиныхоо өмнөөс шаналан 30 минут тутамд сувилагчийг дуудаж энэ тухай хэлж байсан ч үл тоомсорлосон.

-Тухайн үед ээлжинд хонож байсан сувилагчид охин дээр тань ирж байв уу?
-Ганц, хоёр удаа дуртай дургүй юм өрөөнд орж ирж харчихаад “ Одоо хордлоготой байгаа учраас базалт өгөх нь аргагүй. Базлалт өгч байхад нь бид дур мэдэн эм өгөх боломжгүй. Өглөө болтол тэс” гэж хэлээд л явчихсан. Ингээд тэр шөнө 02.00-07.00 цагийн хооронд би охиндоо долоон ширхэг живх хийж, сольсон. Шингэн их алдаж байсан учраас живх хийх бүрт нэвт норж байсан. Хэтэрхий их шингэн алдсанаас охины минь биеийн байдал хүндэрсэн. Уг нь бол жижүүрийн эмч, сувилагч хоёр цаг тутамд өвчтөний биеийг үзэн, хянаж байх үүрэгтэй байдаг юм билээ. Харин миний охинд тэгж хяналт тавиагүйгээс өнөөдөр охиноо алдчихлаа.

-Тухайн үед жижүүрийн эмч байгаагүй юу?
-Сувилагч нараас удаа дараа эмчийгээ дуудаад өгөөч ээ, охиноо үзүүлмээр байна гэсэн ч тэд дуудаж өгөөгүй. Би ч сүүлдээ охиныхоо зовиурыг хараад  тэсч чадахгүй “Та нар дуудаж өгөхгүй юм бол би өөрөө дуудъя” гэхэд тэд “Эмчийг сувилагч л дууддаг. Та дуудах ёсгүй” гээд намайг огт халгаахгүй байсан. Тэгэхээр нь би аргаа ядаад өөрөө доошоо бууж хайгаад ч жижүүр эмчийг нь олоогүй. Хүлээн авахын асрагч дээр очиход бас л унтаж байсан. Тэгээд танай жижүүр эмч хаана байгаа юм бэ би хүүхдээ үзүүлмээр байна гэхэд “Эмч амарч байгаа. Яг хаана амарч байгааг нь мэдэхгүй байна” гэж хэлсэн. Миний охин өглөөний 07.00 болтол өвчиндөө шаналан хөөрхөн хоёр нүд нь бүүр мэлтийгээд коридорт хэвтэж байгаа төмөр орныхоо толгойноос зуураад миний гарыг атгаж байсан бяцхан охин минь намайг бүүр өөрөсөө түлхэж байсан. Хүн амь тэмцэхийнхээ өмнө хамаг байгаа чадлаа шавхан гаргадаг шиг яг л тийм дүр төрх бяцхан охиноос минь гарч байсан. /уйлав/ Би өөрийн эрхгүй хоёр сувилагч дээр гүйж очоод манай хүүхдийн зовиурыг та нар хар л даа. Охин минь дөнгөж гуравхан настай шүү дээ. Ийм зовиурыг яаж шөнөжингөө тэсвэрлэх юм бэ гэхэд миний нулимсыг харсандаа ч тэр юм уу хүрч ирсэн. Гэхдээ тэд шууд эмчийгээ дуудаагүй. Өглөө 06.00 цагийн тариа нь эхэлсэн болохоор тасагт байгаа хүүхдүүдийнхээ тариаг тарьж байгаад намайг удаа дараа эмчээ дуудаач  ээ гэсэн болохоор 07.00 өнгөрч байхад доороос жижүүрт хоносон Г.Оюунчимэг эмч нь ирж өрөөндөө дуудаж үзээд хүүхэд чинь хүндэрчихсэн байна, эртхэн хэлэхгүй яасан юм бэ гэсэн. Тэгэхэд нь би шөнөжингөө танай хоёр сувилагчийг гуйгаад ядсан. Танай хоёр сувилагч нойроо харамлаад эсвэл нэг өндийж босч ирээд өглөө хүртэл тэс л гэж хэлсэн гэхэд “Та нар хэлэхгүй яасан юм бэ” гээд сэхээн амьдруулах тасаг руу шууд шилжүүлсэн.
Уг нь анх эмнэлэгт ирэхэд хүлээж авсан Б.Соёл-Ундрах эмч хүүхдийг маань хүнд байна гээд Эрчимт эмчилгээнд гэж тэмдэглэсэн мөртлөө тэр орой 22.00 цагт ээлж хүлээн авсан Г.Оюунчимэг эмчид өөрийн биеэр хүлээлгэж өгөөгүй, сувилагчид анхааруулаагүй нь том алдаа болж байгаа юм. Хэрвээ оройны жижүүр эмчид хүлээлгэж өгөөд хэлчихсэн бол даруйхан эмчилгээ хийх байсныг эмчийн хариуцлага алдсанаас болоод л цаг хугацаа алдан охины минь бие тэгтлээ хүндэрсэн. Хүн чанар, хүний мөс, эмчийн хариуцлага алдсан гээд маш олон зүйл байна. Ухаан санаа орж гараад надад үнэхээр хэцүү байна.

-Таны охиныг хэдийд Эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн бэ?
-Өглөө эмч үзээд л Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн. Тэр үед охины минь биеийн байдал их хүнд, шингэн их алдсан ямар ч тамир тэнхээгүй болчихсон байсан. Эрчимт эмчилгээний тасагт байхад нь биднийг хажууд нь байлгадаггүй юм билээ. Гэхдээ үе үе охин дээр минь оруулж байсан. Гэтэл сүүлдээ эмч нар биднийг оруулахаа больсон. Бид ч санаа зовоод, яагаад оруулахгүй байгааг нь асуухад “Танай хүүхдэд эмчилгээ хийж байна” гэхээс өөрийг хэлэхгүй байсан. Ер нь тухайн үед байдал нэг л бишдэж, эмч нар сандралдаад нааш, цааш гүйлдээд л байсан. Гэтэл удалгүй манай хамаатны залуу гэнэт цонхоор нь хараад “Эмч нар амьсгалын аппрат, дуслыг нь салгачихлаа. Нэг л биш болчихлоо” гэсэн. Тэр үед биднийг дотогш оруулахгүй байсан учраас Эрчимт эмчилгээнийх нь өрөөний хаалгыг нь эвдэх шахуу юм болоод орсон. Гэтэл нэг сувилагч нь надад дээр ирээд “Охиноо хөхүүл дээ” гэтэл миний охин аль эрт өөд болчихсон, эмч нар бүх аппрат, дуслыг нь салгачихсан байсан /уйлав/. Эмч нар охиныг минь аварч чадахгүй, найдваргүй болсон гэдгийг нь бидэнд эртхэн хэлсэн бол бид бяцхан охиноо эцсийн амьсгал хураах хүртэл нь хамт байж, халуун гараас нь атгаад энгэртээ тэврэх байсан юм. Магадгүй миний охин эцсийн үгээ ээждээ хэлэх ч байсан юм билүү. Тэгж их өвчиндөө шаналж байхдаа ээжийгээ хайж, энгэрт нь наалдахыг хүсч байсан нь гарцаагүй шүү дээ. Бид эмч нарт үнэхээр гомдож байна. Охиныг минь өөд болчихсон байхад нь намайг тавлаж байгаа аятай “Охиноо хөхүүл” гэж хэлсэнд нь үнэхээр гомдож, зүрх шимширч байна. Тэд адилхан эх хүн, эхээс төрсөн л байлтай.

-Та эмнэлэгийн удирдлага болон эмч нартай дахиж уулзсан уу?
-Хоёр хоногийн өмнө буюу /09.30-нд/ бид Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, эмчилгээ эрхэлсэн орлогч, чанарын менежер гээд бүх хүмүүстэй нь өглөөнөөс орой 19.00 цаг хүртэл уулзаж, ярилцсан. Тэр хүмүүс үнэхээр буруугаа хүлээгээд хэлэх үг алга гээд доошоо хараад л суугаад байсан. Би тэдэнд фэйсбүүк дээр тавьсан энэ өргөдөлд бичсэн миний үгэнд ямар нэгэн худал үг, та нарыг гүтгэсэн зүйл байгаа бол одоо энд сувилагч, эмч нарынхаа өмнө хэл гэхэд “Үнэхээр тийм зүйл байхгүй ээ. Охиныг тань аварч чадаагүй биднийг уучлаарай” гэсэн. Тэд ажлын хариуцлага алдан хүн чанаргүй, хүйтэн цэвдэг сэтгэлээр хандан охиныг минь эмчилж, асарч чадаагүй гэдгээ хүлээсэн. Мөн эмнэлгийн удирдлага, эмч, сувилагч нартай уулзахад тэдний  яриагаар бол манай охины амь насанд хүрэх хамгийн гол шалтгаан бол анх хүлээж авсан Б.Соёл-Ундрах эмч надад анхан шатны мэдлэг өгөх ёстой байсныг алдсан юм билээ. Тэрбээр “Танай охины биеийн байдал хүндэвтэр байна. Хэрвээ шөнө ийм шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай” ч гэж хэлээгүй гэлээ.

М.Чимэг: Талийгаач охины ар гэрийнхнээс албан ёсоор уучлал гуйж байна

Энэ асуудлаар бид Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээтэй уулзсан юм.

-Өнгөрсөн есдүгээр сарын 26-нд танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад эндсэн Т.Маралжингоо охины эцэг, эх эмнэлэгийн ажилтнуудын буруутай үйлдлээс болон охиноо алдсан тухайгаа хэлж байна. Энэ эмнэлгийг удирдаж байгаа хүний хувьд та энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?
-Би энэ байгууллагад ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагчийг санаатай үйлдэл хийлээ гэж бодохгүй байна. Тэдний ажилдаа хариуцлагагүй хандсан нь эцэстээ ийм том хор уршиг болж байна. Тухайн үед жижүүртэй хоносон эмч гэхэд л Клиникийн профессор, манай эмнэлэгт хамгийн олон жил ажилласан хүүхдийн зөвлөх эмч Г.Оюунчимэг гэдэг хүн байгаа юм. Гэтэл тийм туршилгатай эмч ажиллаж байхад ийм алдаа гарчихлаа гэхээр их харамсалтай санагдаж байна. Би өнөөдөр тухайн үед жижүүртэй хонож, хариуцлага алдсан хоёр сувилагчийг ажлаас нь халаад эрхийг нь хасч байна. Би өнөөдөр хүүхэд эндчихлээ гэдэгт хандаж байгаа нийгмийн сэтгэл зүйг ч гэсэн ойлгож байна. Тэр хүмүүсийн фейсбүүк дээр тавьсан сэтгэгдлийг зөвшөөрч байна. Бид ч гэсэн ялгаагүй эх хүмүүс шүү дээ. Энэ бүх амьдралыг чинь эмэгтэй хүмүүс биеэрээ тулаад үзээд явдаг учраас би тэрийг ч гэсэн хатуу ойлгож байгаа. Би хүүхдээ алдахын зовлонг мэднэ, намайг тойроогүй дайраад гарч байсан. Хүүхдээ алдсан аав, ээж тэдний гэр бүлийнхнээс хэвлэлээр дамжуулан албан ёсоор уучлал гуйж байна. Манай хоёр ажилтны хариуцлагагүй, хайнга үйлдлээс болж их том алдаа гаргаж, та нарыг үнэхээр хүнд байдалд орууллаа. Тийм учраас эмнэлгийн зүгээс болон хувиасаа үнэн сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Энэ эмнэлгийн байгууллагад гарч байгаа том алдаа учраас нөгөө талд эрүүл мэндийн байгууллагынхан үүнээс том сургамж аваасай гэж бодож байна.

-Тэр орой сувилагч нар маш хариуцлагагүй, ёс зүйгүй хандсан хэмээн ээж нь бидэнд хэлсэн?
-Сувилагч өнөөдөр надад уйлаад “Намайг ээж нь дуудаад эхлээд очиход охин унтаж байсан юм аа. Унтаж байгаа болохоор нь халуун бууруулах лаа хийсэн түүндээ тайвшраад унтаж байгаа юм байх гэж бодсон” гэж хэлсэн. Хүнийг зөв оношилж үнэлнэ гэдэг хэцүү л дээ. Ялангуяа хүүхдийг, тэр аливаа зовиураа хэлж чадахгүй ганцхан уйлдаг л үйлдэлтэй хүн шүү дээ. Тэр дундаас үнэлгээ хийн энэ хүүхдийн бие хүнд байна уу, хөнгөн байна уу гээд үнэлгээ хийх хэцүү ажил. Хариуцлага алдсан учраас тэр шөнө ажилласан хоёр сувилагчийг ажлаас нь халж байна. Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хороонд бид тухайн хоёр сувилагчийн эхийг нь хасах шийдвэр гаргаад явуулж байна.

-Тэр орой хүлээж авсан эмч охинд шаардлагатай эмчилгээг хийсэн үү. Тэр эмчид ямар хариуцлага тооцсон бэ?
-Их эмч Б.Соёл-Ундрах тэр өдөр охиныг хүлээж аваад өвчний түүхэн дээр нь хүнд хүүхэд гээд биеийн байдлыг нь үнэлээд тэмдэглэчихсэн байсан. Гэхдээ тасагт хэвтэж эмчлэгдэх боломжтой гэж үзээд үнэлгээгээ гаргаж өгч болдог юм. Тэр эмч дээр айхтар ташаа алдаа гаргаагүй гэдгийг бид хүүхдийн өвчний түүхээс харсан. Охин бол хүчтэй хордлоготой ирсэн. Одоо бол бид тийм ийм гэж хэлэхгүй. Ар гэрийнхэнд нь шинжилгээний хариу гарахаар танилцуулна. Тухайн хүүхдийг хүлээн авсан их эмч Б.Соёл-Ундрах, жижүүртэй хоносон Г.Оюунчимэг эмч нарт захиргааны хариуцлагын хуулиар цалингын арга хэмжээ тооцсон. Эмч хариуцлагатай л байх ёстой. Тэрийг сувилагч үүрээд эмч зүгээр гараад явчихаж болохгүй л дээ. Эмч жижүүртэй байсан нь үнэн. Эмчийн хариуцлага сувилагчийнхаас өндөр байх ёстой. Тэр үүднээсээ хэчнээн таныг дуудаагүй ч гэсэн эмч эргэлтээ хийж өвчтөнүүдээ хянаж байх ёстой.

-Талийгаач охин танай эмнэлэгт ирэхдээ яг ямар оноштой байсан бэ?
-Гэдэсний гүйлгэлт, хордлого өвчнөөр манай эмнэлэгт ирсэн. Шинжилгээн дээр урьдчилсан байдлаар нэлээд их зүйл гарсан байсан. Дараагийн удаа тийм зүйл болгочихгүй юмсан гэж ар гэрийхэндээ ч гэсэн сэрэмжүүлэхээр зүйл гарах байх гэж бодож байна. Өвчин бүр хувь хүнд үүсгэгч, эмгэгээсээ болоод харилцан адилгүй өөр өөр байдаг. Зарим хүнд хатгалгаа удаан ужиг явцтай байдаг шиг  саяны тохиолдолд их хурдан явцтай эмгэг, нэлээд дээр илэрсэн, түүнийг нь анзаараагүй юм байна гээд олон талаас нь нухацтай шинжилж байгаа. Дараа бид ийм алдаа гаргахгүйн тулд бусдадаа зааж, сургах хэрэгтэй.

Ж.Амарсанаа: Амиа алдсан хүүхдийн асуудлаар ажлын хэсэг томилогдоно

СБД-ийн Нэгдсэн эмнэлэгийн эмч, сувилагчдын хариуцлагагүйгээс болж хүүхэд эндсэн асуудлаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаас тодруулахад “Энэ асуудлыг судалж үзлээ. Манай эмч, эмнэлгийн ажилчид үнэхээр хариуцлагагүй хандсан байна. Шингэн алдалттай хүүхдэд яаралтай арга хэмжээ аваагүй нь тэдний буруу. Хүүхэд эндсэн асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас ажлын хэсэг томилогдон ажиллахаар болсон. Шүүх эмнэлгийн дүгнэлт болон ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа хариуцлага алдсан эмч, эмнэлгийн ажилтны асуудлыг яамны Ёс зүйн хороогоор оруулна” гэлээ.

Г.Даша

3 comments:

  1. zail zail ene mongolin hariutslaggui zarim emch nar chadahgui bol oor ajil orj hiigeesee huni ami horloj baihaar

    ReplyDelete
  2. Amiig amiaar n avah n zuv hunii mus gui amitad araatan amitadaas doloon door pizdaa nuudiin zurgiin taviach ovog nertee n

    ReplyDelete
  3. udval gichii min chi zailaach cham shig gichii ene yamand taarahgyi chamaig enhbayar pizdatai zuuraldah hoiguur mongoliin olon saihan eh,hyyhed emnelgiin oron deer 100% emchiin burugaas ar araasaa ungurch baina.end hariutslaga tootson buruutai emch suvilagch neg ch alga.ysreel ajilasaa halagdaad heden sarin daraa uur emnelgt ajilaad yavj baina.yhel daguulsan buzar gichii

    ReplyDelete